Шүүхэд баярлалаа...

Тус шүүхэд баярласнаа илэрхийлж хандсан Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэн Батжаргалын Дэлгэрмаатай ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.

Та шүүхэд ямар хэрэг маргааны улмаас хандах болов? Шүүхийн шийдвэрийн талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?

Би үрчлэлт хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч түргэн хугацаанд шийдвэрлэж өгсөнд туйлын их баяртай байна.

Шүүхийн байгууллагаар урд өмнө нь үйлчлүүлж байгаагүй болохоор миний нэхэмжлэлийг хангах болов уу? гэсэн эргэлзээ төрж, дээрээс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх ойлголт бага байсан болохоор битүүхэндээ түгшсэн байдалтай шүүхийн үүдээр анх орж байлаа.

Та шүүхийн үйлчилгээний талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Шүүхийн байгууллагын үйлчилгээ ойлгомжтой, туслахуудын зан харилцаа сайн байж, надад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар эрх, үүрэгтэй оролцдог талаар дэлгэрэнгүй сайн тайлбарлан өгч, миний гаргасан хүсэлтүүдийг түргэн хугацаанд шийдвэрлэж тэр дор нь хариу өгч байсан болохоор надад шүүхээр үйлчлүүлэхэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл тулгараагүй.

Бусад төрийн байгууллагуудаар явахад хүнд суртал ихтэй, учир шалтгаангүй удаан хүлээлгэдэг, үл хүндэтгэж, уурлаж уцаарлаж харьцдаг. Тийм болохоор тэднийг шүүхийн үйлчилгээнд суралцаасай гэж боддог.

Шүүгчийн ур чадварын талаар та юу хэлэх вэ?

Шүүх хуралдааны тов гарч шүүх хуралдааны танхим руу ороход үнэхээр сүрдмээр байсан ч шүүх хуралдаан дээр шүүгчийн оновчтой асуултууд, шүүхийн шийдвэрийг надад танилцуулж байгаа байдал их таалагдсан.

Шүүхийн шинэтгэлийн талаар та ямар түвшний мэдээлэлтэй байв? Цаашдаа анхаарч хэрэгжүүлээсэй гэсэн ямар санал таньд байна?

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцаа, хандлага, ажилдаа хандах хариуцлага, ажлын нөхцөл боломж алхам алхмаар өөрчлөгдөж, шүүх шинэчлэгдэж, шударга ёс бэхжих байгаа талаар яриад байсан нь яах аргагүй үнэн юм байна гэж бодсон. Хүмүүсийн ярьснаар шүүхээр явахаар хэтэрхий удна, бөөн зардал чирэгдэл гарна гээд төвөгшөөхөд нээрээч тийм болов уу? гэсэн сэтгэгдэл төрж байсан. Гэтэл тийм биш гэдгийг өөрийн биеэр мэдэж авсандаа баяртай байна. Шүүхдээ баярлалаа.

Ярилцсанд баярлалаа.

 

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР.