ЭМГЭНЭЛ

НАМДАГИЙН НЯМСҮРЭН

(1964-2020)

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэртээ гарсан ахмад шүүгч Намдагийн Нямсүрэн нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Тэрээр 1964 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрж, Ренчинлхүмбэ сумын 10 жилийн сургуулийг төгсөөд Хууль цаазын дунд сургуульд элсэн орж 1984 онд эрх зүйч, хуульч  мэргэжлийг эзэмшиж төгссөн байна.

Н.Нямсүрэн нь 1984-1987 онд Увс аймгийн шүүхэд сум дундын шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 1987 оноос 1990 онд Хөвсгөл аймгийн шүүхэд сум дундын шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 1990 оноос 1997 онд Хөвсгөл аймгийн хэсгийн ардын шүүхэд шүүгч, 1997 оноос 1999 онд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхэд туслах шүүгч, 1999 оноос 2013 он хүртэл Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхэд шүүгч, 2013 оноос 2015 онд Сум дундын 27 дугаар шүүхэд шүүгч, 2015 оноос 2019 оны 3 дугаар сар хүртэл Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад шүүгч байлаа.

Тэрээр шүүхийн шинэчлэлийг бодитой хэрэгжүүлэхэд идэвхи санаачилга гарган ажиллаж, шүүгчийн болон төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин чин шударгаар ажилладаг, иргэд, олон нийтийн итгэлийг хүлээсэн, хамт олныхоо дунд нэр хүндтэй шүүгч байсан юм.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас үнэлж "Алтангадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг“, “Өргөмжлөл, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, “Шүүхийн тэргүүний ажилтан”, Улсын Дээд Шүүхийн “Хүндэт жуух бичиг”, “Өргөмжлөл”, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, “Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан” тэмдэгээр тус тус шагнажээ.

Талийгаачийн хөдөлмөрч, нягт нямбай, төлөв даруу, шулуун шударга, залуу үедээ сургамжтай зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх,

Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар