ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ,
ХӨГЖИЛ, ТҮҮХЭН ЗАМНАЛ /1931-2016/

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид 1931 оны 2 дугаар сард тогтоол гаргаж, засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийж, аймгуудыг байгуулах ажлыг мөн оны 4 дүгээр сарын 15-ны дотор явуулж дуусгахаар шийдвэрлэсэн. Аймгийн анхдугаар их хурал 1931 оны 4 дүгээр сарын 11-нд Хатгалд нээгдэж хорь хоног хуралдаан Хөвсгөл аймгийг 24 сумтайгаар байгуулжээ. Ингэснээр хөвсгөлийн хязгаар Хөвсгөл аймаг нэртэй болсон байна. Аймгийн анхдугаар их хурал 1931 оны 04 дүгээр сарын 30-нд хийсэн хуралдаанаар аймгийн шүүхийн байгууллагыг байгуулж, шүүхийн даргаар Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошууны эмэгтэй Хажидмааг томилсон бол удалгүй орлогч даргаар Сэнгэсамбуу гэх хүнийг томилжээ.
Шинээр байгуулагдсан аймгийн шүүн таслах газар нь 1926 оны эцсээр бий болон ажиллаж байсан Хантайшир уулын аймгийн шүүхийн суурин дээр үндэслэсэн байна. Тус шүүх нь шүүн таслах газрын дарга, орлогч, байцаагч, нарийн бичгийн дарга, бичээч, галч зэрэг 7 орон тоотой Хатгалын дамжлага бааз дээр байрлаж эсгий гэрт ажлаа явуулж байжээ.
Аймгийн III их хурал 1934 өны есдүгээр сард болж, их хурлын тайлан илггэлд “Аймгийн шүүн таслах газар нь улс ардын XVII бага хурлын тогтоол, Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоол хийгээд, хууль дүрэм, заавар тушаал болон зарлиг заавруудыг баримтлан БНМАУ-ын тусгаар тогтносон байдлыг бататгах, үндсэн орон нутаг дээр хуулийг биелүүлэх явдалд ард түмнийг хүрээлүүлэн байгуулах, хууль зорчигчид лугаа тэмцэх явдлыг хатуу чийрэг болгохын тулд тус шүүн таслах газар өөрийн бүх хүчийг дайчлан ажиллаж ирсэн байна” гэж аймгийн шүүхийн ажилд дүгнэлт өгсөн байна. Тус их хурлаас аймгийн Шүүн таслах газрын даргаар Лувсандэндэв, орлогч даргаар Хасбазар, ардын төлөөлөгчөөр 50 хүнийг сонгожээ. Шүүхийн даргаар сонгогдсон Лувсандэндэв аймгийн Яамны тэргүүлэгч гишүүн болж, улсын VII их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байжээ.
1932 онд аймгийн шүүхээс прокурорыг тусгаарласнаар прокурорын бие даасан байгууллага болох үндэс тавигдсан. 1936-1939 онд аймгийн шүүх нийтдээ 551 эрүүгийн хэрэг хүлээн авч, 541 хэргийг таслан шийдвэрлэсний дотор 8 нь улс төрийн, 126 нь улсын мөнгөн санг шамшигдуулсан, дутагдуулсан, 89 нь хулгайн хэрэг байжээ. Эдгээр хэрэгт 694 хүн холбогдсон байв. 1940 онд батлагдсан БНМАУ-ын үндсэн хууль нь шүүх засаглалын хөгжилд шинэ үе эхэлснийг хуульчилж өгсөн. Үндсэн хуулинд “БНМАУ-д шүүн таслах хэргийг Дээд шүүх таслах газар, Улаанбаатар хотын шүүн таслах газар, аймгийн шүүх анги, нутгуудад Ардын шүүн таслах газраас гүйцэтгэнэ” гэж заажээ. Шинэ үндсэн хуулийн дагуу шүүн таслах ажиллагааны үндсэн шинэ ардчилсан зарчим бий болж, түүнийг хэлбэрэлтгүй мөрдөх болсон байна.
Аливаа хэргийг шүүн таслахдаа: Шүүн таслах хэргийг зөвхөн шүүх гүйцэтгэх, Шүүх хэрэг таслахдаа ардын төлөөлөгчийг оролцуулж байх, хэргийг монгол хэлээр таслах, хэрэв монгол хэл мэдэхгүй бол орчуулагчаар туслуулж байх, хэргийг илээр таслах, хэргийн өмгөөлөгчтэй байх, Шүүх бусдын эрхшээлд автахгүй гагцхүү хуулинд захирагдана гэсэн зарчмыг баримтлах болсон.
1943 оны дундуур сумдын захиргаа, эрүү, иргэний хэрэг шүүн тасалж байсныг өөрчлөн төр захиргаа, шүүхийн ажлыг тусгаарлан сумдын ангийн шүүхийг бие даалган байгуулж эхэлсэн байна. Энэ үеэс аймгийн шүүх шүүн таслах ажлыг дангаар гүйцэтгэх болсноос ажлын хүрээ өргөжин, үүрэг нь өндөржсөн. Энэ нь шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал арга хэмжээ болсон байна.
Шинэ үндсэн хуулийн үзэл санааны дагуу 1944 онд хуралдсан аймгийн захиргааны V хурлаас аймгийн шүүхийн ардын төлөөлөгчдийг сонгосон. 1945 он гэхэд аймгийн шүүх 3 шүүгчтэй, Хатгалд ангийн шүүх 1-тэй ажиллаж, Хатгалын ангийн шүүх нь ойролцоо 4 сумыг, аймгийн шүүх бусад 11 сумыг хариуцан ажиллаж байлаа. 1945 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн БНМАУ-ын Бага хурлын шийдвэрийн дагуу Тариалан, Идэр, Баянзүрх суманд ангийн шүүх байгуулж, тус тусдаа 1 шүүгчтэйгээр ажиллах болсон. Шүүхийн даргын шийдвэрээр ангийн шүүхүүдийг 1-4 гэсэн дугаартай болгож сумдыг хуваан хариуцуулсан байна.
- 1 дүгээр ангийн шүүх нь Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул, Эрдэнэ-булган, Рашаант сум
- 2 дугаар ангийн шүүх нь Төмөрбулаг, Идэр, Зүрх, Их жаргалант, Шинэчандмань сум
- 3 дугаар ангийн шүүх нь Баянзүрх, Арбулаг, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сум
- 4 дүгээр ангийн шүүх нь Бүрэнхаан, Цагаан-Уул, Бүрэн, Бүрэнтогтох, Цэцэрлэг сумыг тус тус хариуцан ажиллах болсон.
1946 онд аймгийн шүүх өөрийн гэсэн байртай болсон байна. Тухайн үед аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан Б.Лувсандорж нь Улсын Дээд Шүүхийн даргаар ажиллаж байсан нэр хүндтэй хуульч байлаа.
Түүний төрсөн нутаг нь Рэнчинлхүмбэ сум бөгөөд гэрийн багшаар үсэг бичиг заалган сайн бичээч болсон гэдэг. Аймагтаа шүүхийн даргаар 10 шахам жил ажиллажээ. Төрсөн охин Л. Бямбаа аавынхаа мэргэжлийг эзэмшин 1998-2005 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2005-2012 онд Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч, 2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.
БНМАУ-ын IX их хурал 1949 оны эхээр хуралдаж, 1940 оны Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, Хэсгийн шүүхийг ард иргэд нууцаар санал гаргаж, гурван жилийн хугацаагаар сонгодог болгосон байна.
1949 онд “Шүүхийн зохион байгуулалтын тухай” хууль гаргасан. Энэ хууль нь Монголын шүүхийн байгууллагын түүхэнд анхны системчлэгдсэн хууль болсноороо онцлогтой.1950 оны эцэс гэхэд аймгийн шүүх 10-аад ажиллагсадтай, дөрвөн хэсгийн шүүхтэй, 20-иод ардын төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байлаа.
1952 онд аймаг, сум, багийн сонгууль болж, орон нутгийн хурлын байгууллагыг анх удаа ардчилсан шинэ сонгуулийн үр дүнгээр байгуулж хурлаас аймгийн шүүхийг сонгосон байна. Аймгийн хэсгийн шүүхийн сонгууль 1953 онд болж, хэсгийн шүүхийн шүүгч, ардын өлөөлөгчдийг ард иргэд нийтээр шууд, тэгш эрхийн үндсэн дээр нууцаар саналаа өгч сонгосон байна.
Аймгийн хэмжээнд хэсгийн шүүхийн шүүгчийг сонгох сонгуулийн таван тойрог, сонгуулийн хэсэг 223 байгуулагдаж, ард иргэдийн итгэл найдварыг хүлээж чадах тэргүүний хүмүүсийг нам эвлэл, эмэгтэйчүүд, үйлдвэрчин, үйлдвэрийн хоршоолол, соёл гэгээрлийн байгууллагуудын хурлаар хэлэлцэн нэр дэвшүүлэх компанит ажил өрнөж нэр дэвшигчэд зөвшөөрөл хүссэн захидал илгээж, тэднийг сурталчлах, ухуулга сурталчилгааны байрууд нэгдэж ажилласан байна.Сонгуулийн үр дүнд аймгийн хэсгийн шүүхийн шүүгчээр Л.Жамбал, Р.Нямхүү, Ш.Ванчин, Д.Далхсүрэн, Н.Палам нарыг сонгосноос гадна таван хэсгийн шүүхийн ардын төлөөлөгчөөр 240 хүн сонгогджээ.
Аймгийн хэсгийн шүүхийн сонгуулиар дөрөвдүгээр хэсгийн шүүгчээр сонгогдсон Шаравын Ванчин нь 1952 оноос аймгийн прокурорт мөрдөн байцаагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, тэтгэвэрт гартлаа шүүхийн байгууллагын 30 шахам жил ажилласан ахмад хуульч юм.Тэрбээр шүүхийн байгууллагад ажиллаж байхдаа 1949 оны улсын баяр наадмаар улсын начин хэмээх цолыг хүртсэн аймгаас төрсөн нэртэй сайн бөхийн нэг юм.
Мөн сонгуулиар гуравдугаар хэсгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон Домийн Далхсүрэн 1948 оноос аймгийн шүүхэд шүүгч, орлогч даргаар тасралтгүй 40 жил ажилласан ахмад шүүгч юм. Н.Даш 1953-1957 он хүртэл аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан.
БНМАУ-ын Их хурлаас Шүүхийн зохион байгуулалтын талаар гаргасан зарлигийн дагуу аймгийн Шүүх нь хоёрдугаар шатны шүүхийн эрхтэй болж, ардын төлөөлөгч нар шүүн таслах үүргээ биелүүлсэн нөхцөлд тусгайлсан хэмжээний хөлсийг олгодог болсон байна. 1959 оны эцсээр аймгийн Шүүх нь шүүхийн дарга, орлогч, шүүхийн байнгын болон байнгын бус 9 гишүүнтэй, 28 ардын төлөөлөгчтэй ажиллаж байснаас гадна зургаан хэсгийн шүүх нь 6 шүүгчтэй 263 ардын төлөөлөгчтэйгээр шүүн таслах ажлыг хийж байлаа.
Аймгийн шүүх, хэсгийн шүүхүүд 1959 онд 114 эрүүгийн хэргээс 110-ыг таслан шийтгэж, иргэний нэхэмжлэлтэй 654 хэргийг барагдуулсан байна. Шүүхээр шийтгүүлсэн 130 хүний 74 нь 35 -аас доош насны залуу хүмүүс байна. Хэдийгээр шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо 1958 оныхоос буурсан боловч хэрэг үйлдсэн хүмүүсийн зонхилох нь залуучууд, үйлдэгдсэн хэргийн дотор хулгай, бусдын эрх чөлөөнд халдсан хэрэг бусад хэргээс өндөр хувьтай байлаа. Аймгийн шүүхийн байшинд өргөтгөл хийн шүүх хурлын танхимыг ашиглалтанд оруулжээ.
1960 онд хуралдсан БНМАУ-ын Ардын Их Хурлын ээлжит чуулганаар шинэ үндсэн хуулийг баталсан юм. Шинэ үндсэн хуулинд Шүүх, прокурорын байгууллагын зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүн, бүрэн эрх, байгуулах, ажиллах журмын үндэс тусгагдсан. Үндсэн хуулинд зааснаар аймгийн шүүхийг аймгийн Ардын депутатуудын хурлаас гурван жилийн хугацаагаар сонгож байх болсон бол ардын хэсгийн шүүх, ардын төлөөлөгчдийг ард нийтээр тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууц гаргаж, гурван жилийн хугацаагаар сонгох болсон.
Аймгийн хэмжээнд ажиллаж байсан 6 ардын хэсгийн шүүхийг 1961 онд татан буулгаж, нүүдлийн шүүх болгож аймгийн төвд төвлөрүүлэн, тодорхой сумдыг хариуцуулан, улирал тутам графикаар нүүдэллэн ажиллуулдаг болгосон. Нүүдлийн шүүхийн тогтолцоо 1975 он хүртэл үргэлжилж байгаад хэсгийн шүүхийн хэлбэрт дахин шилжсэн.
1961 онд болсон аймаг, орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн АДХ-ын 5 дахь удаагийн Анхдугаар чуулганаар аймгийн Шүүхийн даргаар Г.Буузгар орлогч даргаар Д.Далхсүрэн нарыг сонгон баталж, аймгийн шүүхийн хяналтын коллегийн гишүүнээр Г.Буузгар, Д.Далхсүрэн, Н.Ишжамц, Ренчин, Ү.Шаарий, Р.Нямхүү, Б.Мягмаржав нарыг, аймгийн Шүүхийн ардын төлөөлөгчөөр 38 хүнийг сонгосон байна.
Харин 1965 онд болсон аймаг орон нутгийн сонгуулийн үр дүнгээр энэ байдал өөрчлөгдөж, аймгийн АДХ-ын 7 дахь удаагиин Анхдугаар чуулганаар аймгийн Шүүхийн даргад Б.Намдаг, орлогч даргад Д.Далхсүрэн, шүүгчдээр Н.Жамьян, Л.Норов, Т.Нацаг, Ш.Чойдог, Л.Жамбал нар, аймгийн шүүхийн Хяналтын коллегийн гишүүнээр Б.Намдаг, Д. Далхсүрэн, Н.Жамьян, Л.Норов, Т.Нацаг, Л.Жамбал, Ш.Чойдог нарыг, аймгийн шүүхийн ардын төлөөлөгчөөр 38 хүнийг баталсан байна. Нүүдлийн шүүхийн энэ тогтолцоо 1975 он хүртэл үргэлжилж байгаад хэсгийн шүүхийн хэлбэрт дахин шилжсэн. 1975 онд болсон орон нутгийн сонгуулиар Ардын хэсгийн шүүхийн шүүгч, ардын төлөөлөгч нарыг сонгосныг мөн онд хуралдсан аймгийн АДХ-ын анхдугаар чуулганаар баталгаажуулсан. Анхдугаар чуулган аймгийн Шүүхийн даргаар Б.Намдаг, орлогч дарга Д.Далхсүрэн, Д.Дуинхоржав, Ц.Чойжилсүрэн, М.Сүхбаатар, Л.Норов, Ц.Олзхүү, Т.Нацаг нарыг ардын төлөөлөгчөөр 44 хүнийг баталсан.
Аймгийн шүүхийн даргаар 1962 оноос хойш 22 жил ажилласан хуульч бол Бат-Очирын Намдаг байсан юм. Шүүхийн байгууллагад амьдралаа зориулсан ахмад хуульч Б.Намдаг нь багш, дунд сургуулийн захирал, аймгийн Гэгээрлийн хэлтсийн болон Санхүүгийн хэлтсийн дарга, Гэр бүлийн товчооны дарга зэрэг төр захиргааны хариуцлагатай албыг хашиж байгаад хуулийн дунд, дээд сургуулийг төгсөж, 1962 оноос хойш өндөр насны тэтгэвэрт гартлаа аймгийн шүүхийн даргаар ажиллаж, аймгийн шүүхийн байгууллагыг бэхжүүлэх, шүүн таслах ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд амьдралынхаа сүүлийн жилуудийг зориулсан ахмад туршлагатай хуульч байсан юм. Аймгийн арбитрийн ажлыг 20 гаран жил амжилттай удирдаж, ерөнхий арбитрчийн үүргийг аймгийн Шүүхийн дарга Б.Намдаг 1983 он хүртэл гүйиэтгэж, түүнээс хойш Б.Самбалхүндэв, А.Сарантуяа нар арбитрчаар ажиллажээ.
1970-аад оноос Шүүхийн байгууллагын гадаад харилцаа өргөжиж, төв, орон нутгийн шүүгчдийг гадаадад түр богино хугацааны сургалтанд хамруулах болсон. Шүүгч Д.Дуйнхоржав 1976 онд тэр үеийн ЗХУ-ын Красноярск хотын шүүхэд, 1987 онд Эрхүү хотын шүүхэд, аймгийн Шүүхийн дарга Б.Намдаг 1980 онд Эрхүү хотод, Шүүхийн орлогч дарга Д.Далхсүрэн 1980 онд Казакстанд, Шүүхийн дарга Д.Галсанпунцаг 1987 онд БНБАУ-ын Шүүхэд сургалтанд хамрагдаж гадаадын шүүхийн байгууллагын арга туршлагатай танилцсан байна.
1982 онд Болгарын Дээд шүүхийн гишүүн тус аймагт айлчилж, аймгийн ажил байдалтай танилцаж арга туршлагаа солилцсон бол дараа жил нь Улсын Дээд шүүхийн дарга Л.Ренчин тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд аймгийн шүүхийн дарга Д.Галсанпунцаг оролцож Болгар улсад айлчилсан байна. Аймгийн шүүх, прокурор 1978 онд хоёр давхар шинэ байранд орсон нь материаллаг баазын хувьд бэхжиж ажиллагсад тохилог байранд ажиллах болсон байна.
1978 оны 6 дугаар сарын 21 -нд аймаг орон нутгийн хурлын болон шүүхийн сонгууль болж хэсгийн ардын шүүгчээр О.Зандраа, Ө.Ичинхорлоо, М.Сүхбаатар, Ц.Чойжилсүрэн, Т.Нацаг, Ц.Олзхүү, Ш.Батсүрэн нар шүүгчээр сонгогдон ажилласан байна.
1981 онд аймаг, орон нутгийн хурлын болон хэсгийн шүүхийн сонгууль болж, аймгийн АДХ-ын анхдугаар чуулганаар аймгийн шүүхийн дарга, орлогч дарга нарыг баталж, аймгийн шүүх коллегийг Б.Намдаг, Д.Далхсүрэн, О.Зандраа, Ш.Батсүрэн, У.Олзхүү, М.Сүхбаатар, Ц.Чойжилсүрэн, Ө.Ичинхорлоо, Т.Нацаг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, аймгийн Шүүхийн ардын төлөөлөгчөөр 80 хүнийг баталсан байна.
1982 оноос ардын хэсгийн шүүхүүдийг харьяа сумдад нь байршуулах болсон. Энэ дагуу аймагт ажиллаж байсан Ардын хэсгийн таван шүүх харъяаллын Хатгал хот, Их-Уул, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлаж, шүүгч, тогтоол гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн дарга гэсэн орон тоотойгоор 1993 он хүртэл ажилласан юм.
Аймгийн шүүхэд 7 хүний бүрэлдэхүүнтэй шүүх коллеги сонгогдон ажиллаж, ардын хэсгийн шүүхүүдийн таслан шийдсэн эрүү, иргэний хэргийг давах болон хяналтын шатны журмаар хянан хэлэлцэж байсан юм.
1987 онд аймаг, орон нутгийн сонгуулиар сонгогдсон аймгийн АДХ-ын анхдугаар чуулганаар аймгийн шүүхийг шүүхийн дарга, орлогч, шүүгч, 148 ардын төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй сонгон байгуулж, аймгийн шүүх коллегийн гишүүнээр Д.Галсанпунцаг, Д.Дуйнхоржав, Б.Сарантуяа, Ц.Олзхүү, П.Лхагвадорж, Т.Ганбат, Ц.Чойжилсүрэн, М.Сүхбаатар, шүүхийн дарга бөгөөд шүүхийн коллегийн даргаар Л.Галсанпунцаг, орлогч даргаар Д. Дуйнхоржав нарыг баталсан байна.
Аймгийн шүүхийн тогтоол гүйцэтгэгч Н.Мөнхөө шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, шүүхээс гаргасан олон тогтоол шийдвэрийг ханган биелүүлэхэд амжилт гаргасан учир тогтоол гүйцэтгэгч нараас 1980 онд улсын хэмжээнд шалгарч, бүтэн сарын цалингаар шагнуулж байсан бол шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Шүүхийн дарга Б.Намдаг, орлогч дарга Д.Далхсүрэн нар Улсын Дээд Шүүхийн хүндэт дэвтэрт бичигдсэн байна. БНМАУ-д Ардын Шүүх байгуулагдсаны 60 жилийн ой угтсан ажилд амжилт гарган, өр авлага барагдуулах талаар аймгийн санхүүгийн байгууллагатай хамтран зарласан болзлыг биелүүлсэн шүүгч М.Сүхбаатар, тогтоол гүйцэтгэгч Т.Ганбат нар Чехославек, Герман улсад жуулчлах эрхийн бичгээр шагнагдаж байжээ.
Аймгийн шүүхийн дарга Б.Намдаг өндөр насны тэтгэвэрт 1983 онд гарч, аймгийн шүүхийн даргаар Дамбын Галсанпунцаг ажиллах болсон байна.
1985 онд анх удаа Монгол улсын шүүгчийн тангаргийг шүүгч Л.Галсанпунцаг, Д.Дуйнхоржав, Д.Алтанцэцэг, П.Лхагвадорж, Ц.Чойжилсүрэн, Ө.Ичинхорлоо, М.Сүхбаатар, Ц.Ганболд, Ш.Батсүрэн, Д.Далхсүрэн, улсын арбитрч Л.Сарантуяа нар ёс төртэй өргөж байжээ.
1985 оны эцсээр болсон тэргүүний тогтоол гүйцэтгэгч нарын улсын анхдугаар зөвлөгөөнд шүүхийн дарга Л.Галсанпунцаг, тогтоол гүйцэтгэгч О.Баасан, Л.Энхтайван, Л.Колья нар оролцжээ.
Үндсэн хуулийн нэмэлтийг 1990 онд БНМАУ-ын Арлын Их Хурал баталснаар төрийн эрх барих Дээд байгууллага болох Улсын Бага Хурал байгуулагдаж, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүх прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон байна. Улсын Бага Хурлын шийдвэрээр 1990 оны сүүлчээр Хууль зүйн яамыг байгуулж шүүхүүдийг зохион байгуулалтын талаар удирдах үүргийг хүлээлгэсэн. Энэ дагуу аймгийн захиргаанд хуулийн хэлтсийг 1991 оны эхээр байгуулж, даргаар нь аймгийн Шүүхийн орлогч даргаар ажиллаж байсан Ч.Дэмбэрэлдагва томилогдсон юм. Шүүхийн тогтоол гүйцэтгэлийн ажил, хуулийн хэлтсийн эрхлэх хүрээний ажилд шилжсэн байна.
Улсын Бага Хурлаас шүүгчдийн өргөдөг тангаргийн үгийг шинэчлэн баталсны дагуу аймгийн шүүхийн шүүгч А.Галсанпунпаг, Б.Сарантуяа, Н.Мөнхөө, хэсгийн шүүгч Р.Бадамванчин, Ц.Ганболд, Т.Ганбат, Н.Нямсүрэн, Д.Алтанцэцэг, Ц.Олзхүү нар 1991 оны 4 дүгээр сарын 20-ны одөр улсын баатар Даваадоржийн талбайд ардын шүүгчийн тангаргийг хоёр дахь удаагаа ёс төртэй өргөжээ.
1992 оны шинэ үндсэн хууль нь шүүх эрх мэдлийг хараат бус, бие даасан шүүхийн байгууллагууд хэрэгжүүлэх болсныг хуульчилж өгсөн юм.
1993 онд “Шүүхийн тухай хууль” батлагдаж Улсын дээд шүүх, нийслэлийн шүүх, сум, сум дундын, дүүргийн шүүх гэсэн гурван шатны шүүхийн шинэ тогтолцоо буй болсон. Аймгийн шүүх нь давж заалдах шатны шүүх, сум дундын шүүх гэсэн бүтэцтэй болсон.
Шүүхийн тамгын хэлтсийг бие даалган байгуулсан ба анхны даргаар ахмад шүүгч Ө.Ичинхорлоо томилогджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны зарлигаар аймгийн Шүүхийн анхны ерөнхий шүүгчээр Д.Галсанпунцаг, аймгийн шүүхийн шүүгчээр Н.Мөнхөө, Б.Сарантуяа, сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр Ш.Бат-Эрдэнэ, сум дундын шүүхийн шүүгчээр С.Цэцэгмаа, Б.Нансалмаа нар томилогдсон байна.
Шүүхийн тухай хуулийн дагуу 1995 оны эцсээр шүүгч нар тусгай өмсгөлтэй болж, шүүх хуралдааны үеэр өмсөх болсон. 1993 оны 2 дугаар сарын 4 ны өдөр Монгол улсын их хурлаас 6 бүлэг 63 зүйлтэй Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталж шүүхийн сонгуулийн системийг халж бүх шатны шүүхийн шүүгч нарыг Монгол улсын Ерөнхийлөгч томилдог болсон.
1998 онд Хөвсгөл аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр Ш.Бат-Эрдэнэ, Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр С.Цэцэгмаа нар томилогдсон.
2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль батлагдан 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Захиргааны хэргийн дагнасан шүүхүүд байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр, аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгчээр Т.Долгорсүрэн, Д.Сарангэрэл, шүүгчийн туслахаар Л.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Баасанбаяр нар анх томилогдон ажиллаж байжээ.
2005 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр З.Хосбаяр, Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр М.Нармандах нар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон. Шүүхийн тамгын хэлтсийн дарга Ө.Ичинхорлоо тэтгэвэрт гарч Т.Ганбат 2006 оны 07 дугаар сарын 14-ны өдрөөс шүүхийн Тамгын хэлтсийн даргаар томилогдсон.
Аймгийн шүүх 2006 оны байдлаар давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийн шүүх, сум дундын шүүх, шүүхийн тамгын хэлтэс гэсэн бүтэц, зохион байгуулалттай, аймгийн шүүхийн шүүгч 3, сум дундын шүүхийн шүүгч 9, захиргааны хэргийн шүүхийн шүүгч 2, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга 6, тамгын хэлтсийн дарга, нябо, операторч, нярав, үйлчлэгч, жолооч, харуул зэрэг 13 ажиллагсад бүгд 32 орон тоотой ажиллаж байжээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхийн тухай багц хуулиуд 2013 онд батлагдсанаар шүүхийн эрх зүйн орчин сайжирсан. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллагыг Монгол улсад анх удаа бие даасан хэлбэрээр байгуулж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд нь томилогдон 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар Хөвсгөл аймагт Сум дундын 27 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх байгуулагдсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сум дундын 27 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр Т.Хүрэлбаатар, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Энхтайван, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр З.Хосбаяр, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Оюунцэцэг нар тус тус томилогдсон.
Шүүхийн тамгын хэлтэс“газар”-ын даргаар Б.Лхагвасүрэн 2012-2014 оны 6 сар хүртэл ажиллаж байсан бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс хойш шүүхийн тамгын газрын даргаар Б.Батсайхан ажиллаж байна.
Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар äавж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар, анхан шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан. Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх байгуулагдан ажиллах болсон бөгөөд Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Энхтайван, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Т.Хүрэлбаатар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Эрдэнэбат нар томилогдсон.
Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулсан бөгөөд Орхон аймагт байршилтайгаар харьяалах нутаг дэвсгэрийг Булган, Орхон, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийг хамруулж Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд байгуулагдсан ба Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр П.Батсайхан, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ё.Бямбацэрэн нар ажиллаж байсан.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан шатны шүүхийн шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулагдсан бүтцийг хэвээр хадгалж, давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт эрүү, иргэний хэргийн танхимтай байхаар өөрчлөлт оруулсан бөгөөд уг хуулийн өөрчлөлтөөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газар гэсэн бүтэцтэй ажиллаж байгаа бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2 шүүгч, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 5 шүүгч, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 4 шүүгч, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 3 шүүгч, шүүхийн тамгын газар нь 31 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Б.Сосорбарам, Т.Ганбат, Н.Баярхүү нар томилогдон ажиллаж байна.